Капитал банкны харилцагчдад нөхөн төлбөр олгож байгаа үйл ажиллагаатай холбоотой хамгийн их асуугдаж буй асуулт, хариулт

2019 оны 4 дүгээр сарын 25

Хэзээнээс нөхөн төлбөрөө олгож эхлэх вэ?

Хадгаламжийн даатгалын корпорациас Капитал банкинд харилцах, хадгаламж эзэмшигч иргэд болон хуулийн этгээдийн нэр, нөхөн төлбөрийн мөнгөн дүн бүхий баталгаажсан жагсаалтыг санхүүжилтийн хамт ХААН Банкинд шилжүүлж 2019 оны 4-р сарын 19-ний Баасан гарагийн 09:00 цагаас эхлэн нөхөн төлбөрийг ХААН Банкнаас заасан салбар тооцооны төвүүдээр олгож эхэлсэн.

Нөхөн төлбөрийн тооцоололтой холбоотой зөрүү болон асуудал гарсан тохиолдолд яах вэ?

Та шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэн ХААН банкны салбар тооцооны төв дээр өөрийн биеэр очиж гомдол гаргах боломжтой. Гомдлын маягтыг ХААН Банкнаас авч бичнэ. Гомдлын маягт дээрээ тооцоололтой холбоотой асуудлыг тодорхой бичихээс гадна нотлох баримтыг заавал хавсаргах хэрэгтэй.

Хаан банкны аль салбар тооцооны төвөөр олгох вэ?

ХААН Банкнаас заасан Улаанбаатар хотод 19 салбар тооцооны төв,Орон нутагт 16 аймгийн 32 тооцооны төвүүдээр олгож эхэлсэн. Тиймээс ХААН Банкны бүх салбар тооцооны төвөөр олгохгүйг анхаарна уу. Нөхөн төлбөр олгож байгаа тооцооны төвүүдийн ажиллах цагийн хуваарь, байршилийг Лавлах утасны 11-370-000 дугаараас асууна уу. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ХААН Банкны цахим хуудасны “мэдээлэл” гэсэн хэсэгт нөхөн төлбөр олгох салбар тооцооны төвүүдийн хаяг, цагийн хуваарийг байршуулсан байгаа.

Нөхөн төлбөр авахдаа ямар бичиг баримттай очих вэ?

Хадгаламж эзэмшигч нөхөн төлбөр олгох банкны салбар, тооцооны төв дээр дараах бичиг баримттай ирж нөхөн төлбөр авна.

Хадгаламж эзэмшигч иргэн бол:

  • Иргэний үнэмлэх,/ иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн хувьд Улсын бүртгэлийн тамгатай лавлагаа авчрах/
  • Гадаад улсын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх
  • Гадаадад байгаа, эсхүл биечлэн ирэх боломжгүй харилцах, хадгаламж эзэмшигч бол бичгээр итгэмжлэлтэй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авч болно.

Хуулийн этгээд бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулийн этгээдийг төлөөлөгч иргэний иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт, эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх
  • Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах алба тушаалтанд эрх олгосон бол итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр гэх мэт

Хадгаламж эзэмшигч өв залгамжлагч бол:

  • Өв залгамжлагч нь өөрийгөө хууль ёсны өв залгамжлагч мөн болохыг нотлох бичиг баримт,
  • Гэрээслэлээр өвлөх эрхийн гэрчилгээ,
  • Өв залгамжлагч өргөдөл гаргана,

/өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөх/

Хадгаламж эзэмшигч насанд хүрээгүй бол:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Насанд хүрсэн хамтран эзэмшигчийн иргэний үнэмлэх,
  • Хууль ёсны асран хамгаалагч (нэг нь ирж болно),
  • Хадгаламжийн дэвтэр, эсхүл хадгаламжийн гэрээ,
  • Хамтран эзэмшигч өргөдөл гаргана
  • /өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөх/,

Хадгаламж эзэмшигч нас барсан бол:

  • Нас барсны гэрчилгээ,
  • Нас барсан этгээдийн хууль ёсны өв залгамжлагч мөн болохоо нотлох баримт бичиг,
  • Өвлөх эрхийн гэрчилгээ,
  • Өв залгамжлагчийн өргөдөл,

/өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөх/

Хамтарсан данс эзэмшигчтэй бол:

  • Иргэн бол талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ,
  • Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш тохиолдолд эзэмшлийн хувь өөр өөр болохыг нотлох баримт бичиг,
  • Хамтран эзэмшигчид заавал хамт ирж нөхөн төлбөр авна,
  • Хэрэв хамтран эзэмшигч өөрийн биеэр ирэх боломжгүй бол хууль ёсны итгэмжлэл авч ирэх (гадаадад оршин суудаг бол элчин сайдын яамнаас итгэмжлэл ирүүлэх)
  • Талуудын өргөдөл

/өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөх/

Хамтран харилцах болон хадгаламж эзэмшдэг иргэдийн хувьд нөхөн төлбөрөө авахын тулд юуг анхаарах хэрэгтэй байна вэ?

Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх нийт даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая хүртэлх төгрөг байна. Хамтарсан данс эзэшигчдийн хувьд эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд нөхөн төлбөрийг тэнцүү хуваан тооцож олгоно гэж заасан байдаг. Тиймээс энэ тохиолдолд заавал хамт ирж, өргөдөл бөглөн нөхөн төлбөрөө авах шаардлагатай. Хэрвээ хамт ирэх боломжгүй бол нотариатийн газар хандаж итгэмжлэлээ батлуулан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нөхөн төлбөрөө авна. Хуульд заасны дагуу хадгаламж эзэмшигчийн дангаараа болон хамтарсан дансны эзэмшдэг даатгагдсан хадгаламжийн нийт дүн мөн 20 сая төгрөгөөс илүүгүй байна.

Харилцагчийн мэдээлэл зөрсөн тохиолдолд яах вэ?

Зарим харилцагчийн мэдээлэл зөрсөн эсхүл гадаадын иргэн бол данс нээгдээгүй байгаа тул ийм тохиолдолд тус харилцагч бичиг баримттайгаа очиж ХААН Банкинд шинээр данс нээлгэж болно.

Харилцагчийн нэр болон дансны мэдээлэл байхгүй тохиолдолд яах вэ?

Хэрэв нэр болон данс байхгүй тохиолдолд ХААН Банкны теллерийг жагсаалтын бүх данснаасаа дахин шүүж шалгаж өгөхийг асуугаарай. Мөн түдгэлзсэн, татан буугдсан банкны холбогдох этгээд, эсхүл даатгалд хамаарахгүй хадгаламж эзэмшигч гэсэн бол ХААН Банкинд гомдол гарган шалгуулж болно.

Насанд хүрээгүй хүүхэдтэй харилцах, хадгаламжийн данс хамтран эзэмшдэг этгээд түүний хууль ёсны асран хамгаалагч биш бол яах вэ?

Насанд хүрээгүй хүүхэдтэй түүний хууль ёсны асран хамгаалагч биш этгээд харилцах хадгаламжийн данс хамтран эзэмшдэг бол даатгагдсан хадгаламжийн нөхөн олговрыг ологохдоо хамтарсан дансны Өргөдлийн маягт /насанд хүрээгүй иргэн/-д хүүхдийг төлөөлөн түүний хууль ёсны асран хамгаалагчаар гарын үсэг зуруулсан байна. Хууль ёсны асран хамгаалагчид хүүхдийн аав, ээж /аль нэг нь байж болно/ мөн эрх бүхий байгууллагаас асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон баримтад дурьдагдсан этгээдийг хамруулан ойлгоно.

Харилцах, хадгаламжийн данс хамтран өмчлөгч нарын аль нэг нь нас барсан тохиолдолд яах вэ?

Харилцах болон хадгаламжын дансыг хоёр буюу түүнээс олон этгээд дундаа хамтран өмчилдөг бөгөөд хамтран өмчлөгч нарын аль нэг нас барсан байх тохиолдолд Нотариатын өвийн гэрчилгээ гаргуулсан байхыг шаардан өвийн гэрчилгээнд заасан өвчлөгчид нөхөн төлбөрийг олгоно.

20 сая төгрөгөөс дээш дүнгээ хэзээнээс Эрх хүлээн авагчид нэхэмжлэх вэ?

Банкны эрх хүлээн авагч нь 2019 оны 04-р сарын 22-ноос 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 60 хоногийн хугацаанд нэхэмжлэлийг хүлээн авна.

Нэхэмжлэл хүлээн авах хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж43, Капитал банкны байранд өөрийн биеэр ирж нэхэмжлэлээ гаргана.

Хөдөө орон нутгаас нэхэмжлэл гаргах иргэд өөрийн биеэр, шуудангаар, тухайн орон нутагт ажиллаж байгаа Монголбанкны салбар нэгжээр дамжуулан нэхэмжлэлээ гаргана. Холбоо барих утас : 1800-1912, 7000-1912

Нөхөн төлбөр олгох Хаан банкны салбар тооцооны төвүүд амралтын өдрүүдэд /Бямба, Ням/-д ажиллах уу?

Ажиллахгүй.

Хаан банктай холбоо барих утасны дугаар?

1800-1917

Эрх хүлээн авагчтай холбоо барих утасны дугаар?

1800-1912, 7000-1912

Зээлийн төлбөрөө хаана яаж төлөх вэ?

Капитал банкны Зээлдэгчидтэй хийсэн гэрээ хүчин төгөлдөр үргэлжлэх тул бөгөөд Та зээлийн төлбөрөө бусад арилжааны банкуудаар дамжуулан зээлийн гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу Капитал банкны өмнө нь төлдөг байсан дансандаа төлнө үү.

Эрх хүлээн авагчийн хаяг хаана вэ?

Банкны эрх хүлээн авагчийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж43, Капитал банкны Төв байр

Холбоо барих утас: 1800-1912, 7000-1912

Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авдаг байсан, тэтгэврийн үлдэгдэлтэй иргэд яах вэ?

2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн ХААН Банкнаас заасан салбар нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар дамжуулан тэтгэвэр авч байсан иргэдэд 5-р сарын тэтгэврийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор холбогдох газруудтай хамтран ажиллаж байна. Банкнаас нэгдсэн журмаар тэтгэврийн данс нээн санхүүжилтийг авахаар ажиллаж байгаа тул тэтгэвэр авагчид ХААН Банкны тооцооны төвүүдэд урьдчилан хандах шаардлагагүй. Тэтгэвэр олгох ХААН Банкны салбар нэгжүүдийг 5-р сарын 1-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлах болно.

Капитал банкаар дамжуулан хүүхдийн мөнгө авдаг байсан, хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд яах вэ?

Капитал банкинд хүүхдийн мөнгөний үлдэгдэлтэй иргэд маргааш буюу 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн нэр заасан ХААН Банкны нэгжүүдэд хандан нөхөн төлбөр хэлбэрээр авна. Капитал банкаар олгож байсан хүүхдийн мөнгийг ХААН Банкнаас хугацаанд нь хэвийн олгохоор ажиллаж байна. 4-р сарын хүүхдийн мөнгөний санхүүжилт орж ирсэн даруйд бид мэдээллэх болно. Санхүүжилт орж ирэхээс өмнө хүүхдийнхээ нэр дээрх данстай холболт хийхийг хүсвэл хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхтэйгээ ХААН Банкны өөрт ойр тооцооны төвд хандана уу.

Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгө ХААН Банк руу шилжсэн үү?

Капитал банкаар 2019 оны 2 дугаар сараас эхлээд цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг олгоогүй тул таны данс Төрийн банк руу шилжсэн байх магадлалтай. Та эхлээд Төрийн банкнаас лавлаж асуугаарай. Хэрэв Төрийн банкинд шилжээгүй бол та өргөдөл, гомдолоо ХААН Банкинд гаргах боломжтой.

Гадаадад байгаа харилцах, хадгаламж эзэмшигч итгэмжлэлээ яаж гаргах вэ?

Хэрэв та гадаад улсад оршин суугаа бол Монгол улсад оршин сууж байгаа итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нөхөн төлбөрийг хүлээн авах боломжтой бөгөөд даатгалын нөхөн төлбөр авах итгэмжлэлийг холбогдох Монгол Улсын элчин сайдын яам болон Консулын төлөөлөгчийн газарт хандаж хийлгэнэ үү.

Итгэмжлэлийг эх хувиар хүлээн авч хэрэглэх журамтай.

Цаг хугацааны боломжгүй онцгой нөхцөлд иргэдийн хүсэлтээр тухайн элчин сайдын яам, Консулын төлөөлөгчийн газраас итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны Консулын газарт баталгаажсан факсаар ирүүлдэг. Энэ тохиолдолд та итгэмжлэлийн хуулбарыг Консулын газар баталгаажуулан өгдөг.

Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх шаардлагатай.

Орон нутагт байгаа иргэд итгэмжлэхээ яаж гаргах вэ?

Хэрэв та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Хаанбанкнаас нөхөн төлбөрөө хүлээн авах гэж байгаа бол өөрийн байгаа аймаг, сумынхаа Нотариатийн газар хандаж итгэмжлэл гаргуулна.

Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байхаас гадна итгэмжлэлийн хугацаа мөн тодорхой байх шаардлагатай.

Итгэмжлэлийг яаж бичих вэ?

Миний авах ёстой нөхөн төлбөр дутуу орсон байна. Хаана хандах вэ?

Та ХААН Банкны заасан салбарт өөрийн биеэр өргөдөл, гомдолоо гаргах боломжтой. Гомдлын маягтыг ХААН Банкнаас авч бичнэ. Гомдлын маягт дээрээ тооцоололтой холбоотой асуудлыг тодорхой бичихээс гадна нотлох баримтыг заавал хавсаргах хэрэгтэй.

Бид таны гомдлыг хүлээн авч шийдвэрлээд шийдвэрийн дагуу хариу мэдэгдэх болно.

Өргөдөл, гомдлын хариуг буцаагаад яаж мэдэгдэх вэ?

Таны гаргасан өргөдөл дээр бичигдсэн холбоо барих хэрэгслээр холбоо барьж мэдэгдэх болно.

Өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацаа?

Нөхөн төлбөрийн хэмжээтэй холбоотой гомдлыг Корпораци бие даан шийдвэрлэх бөгөөд зарим гомдлыг шаардлагатай тохиолдолд Эрх хүлээн авагчид шилжүүлж шийдвэрлүүлнэ.

Корпораци баталгаажсан гомдлыг бие даан ажлын 15 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Мөн Корпораци нь гомдлыг эрх хүлээн авагч руу шилжүүлсэн тохиолдолд эрх хүлээн авагч ажлын 5 өдөрт шийдвэрлэж, шийдвэрийг Корпорацид хүргүүлнэ.

Хувь хүний данснаас гадна байгууллагын данс даатгагдсан уу?

Тийм. Иргэн болон хуулийн этгээдийн 20 сая хүртэлх төгрөг даатгагдсан байгаа. Хуулийн этгээд болох компаниудын харилцах, хадгаламж гэсэн үг. Хуулийн этгээд нөхөн төлбөрөө нэхэмжлэхдээ улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувьтайгаа ирэх шаардлагатай.

Даатгалд хамаараагүй хамдгаламж эзэмшигч гэж хэн бэ?

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу зарим төрлийн хадгаламж эзэмшигчийг даатгалд хамруулдаггүй. Тухайлбал банк, түүний холбогдох этгээд, сүүлийн 3 жилийн хугацаанд тус банкны санхүүгийн тайланд аудит хийсэн компани гэх зэрэг заалтууд бий. Энэ дашрамд хэлэхэд банкин дээр очиход даатгалд хамаарахгүй эсхүл түдгэлзсэн гэх зэрэг мэдээлэл өгч байгаа тохиолдолд Хаан банкинд гомдол гаргаад, шалгуулах боломжтой.

Нөхөн төлбөр олгох ажил хэдий хугацаанд үргэлжлэх вэ?

Хуулийн дагуу татан буугдсан банкны даатгагдсан хадгаламж эзэмшигч нь нөхөн төлбөрийг гурван жил хүртэлх хугацаанд нэхэмжлэх эрхтэй. Тиймээс гадаадад байгаа болон ойрын хугацаанд нөхөн төлбөрөө авах боломжгүй байгаа хүмүүс сандрах зүйл байхгүй.

Хүүхдийн хадгаламжийн талаар дэлгэрэнгүй хэлж өгнө үү?

Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй гэж хуулинд заасан байгаа. Учир нь хүүхдийн нэр дээр шууд данс нээх боломжгүй заавал хууль ёсны асран хамгаалагчтайгаа хамтран данс нээлгэдэг учраас насанд хүрээгүй хүүхэдтэй хамтран эзэмшиж буй дансны хувь хүүхдэд 20 сая хүртэлх болон хамтран эзэмшигчид нь 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөр олгож байгаагаар бусад хамтран эзэмшигчийн данснаас ялгаатай юм. Ингэхдээ мэдээж хамтран эзэмшигчийн бүх дансууд нийлээд 20 сая төгрөгөөс хэтрэхгүй гэдэг зарчим хэвээрээ үйлчилнэ.

 



© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци