Б.Амарбилэг: Банкны салбар нь өөрөө өөрийнхөө эрсдэлийг даадаг системд шилжсэн

 

Хадгаламжийн даатгалын корпорацийн хуульч Б.Амарбилэгтэй ярилцлаа.

-Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хууль өмнөх Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулиас ямар ялгаатай вэ. Өмнө нь татан буугдсан банкуудад өөр нөхцөл үйлчилж байсан шүү дээ?

-Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хууль нь 2008 оны 11 дүгээр сараас 2012 оны 11 дүгээр сарын хооронд 4 жилийн хугацаатай хэрэгжсэн хууль бөгөөд тус хууль хэрэгжих хугацаанд Зоос банк болон Анод банк татан буугдсан байдаг.

Тухайн үед хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо нь Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулиар зохицуулагдсан. Энэ нь цэвэр төрийн нуруун дээр буюу татвар төлөгчдийн мөнгөн дээр тогтдог байсан. Тус хуулийн зохицуултаар банк татан буугдсан тохиолдолд банкны эздийн өмнөөс төр хариуцлага хүлээж, эрсдэлийг бүрэн үүрдэг байсан гэсэн үг. Үүнийг 2013 онд өөрчилж, одоогийн эрх зүйн зохицуулалт бий болсон нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталсан явдал юм.

Ингэснээр Хадгаламжийн даатгалын систем Монгол улсад шинээр бүрэлдэн бий болж, татан буугдсан банкны эрсдэлийг төрийн мөнгө буюу татвар төлөгчдийн мөнгөөр бус нийт банкуудаас хуримтлуулсан даатгалын сангийн хөрөнгөөр эрсдэлийг хамгаалдаг болсон юм. Өөрөөр хэлбэл, банк санхүүгийн салбар өөрөө өөрийнхөө эрсдэлийг даадаг эрүүл арга барилтай шинэ системд шилжсэн гэсэн үг. Тэгэхээр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт банкууд өөрсдөө харилцагч, хадгаламж эзэмшигчдийнхээ өмнөөс даатгалын хураамж төлж, тэр хураамжаар даатгалын санг бүрдүүлж байна гэж ойлгож болно. Ер нь бол энэхүү Хадгаламжийн даатгалын систем нь шинэ зүйл биш бөгөөд тэртээ 1933 оноос АНУ-д анх бий болж, харин Монгол улсад 2013 оноос амжилттай нэвтэрч байгаа систем юм.

-Шинэ системийн гол зорилго нь юу вэ?

-Энэхүү системийн хамгийн гол зорилго нь банкны салбараар үйлчлүүлдэг нийт иргэдийн 99 хувь болох жижиг хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад оршдог. Эдгээр жижиг хадгаламж эзэмшигчдийн иргэдийн эрх ашгийг хамгаалснаар банк санхүүгийн салбарт ямарваа нэгэн доргиог үүсэхгүй байх ач холбогдолтой. Энэ талаас нь харвал их ухаалаг систем л дээ.

-Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ 20 сая төгрөг байгаа, энэ тоог нэмэгдүүлэх боломжтой болов уу?

-Та бүхэн 20 сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг өнөөдрийн түвшинд бага байна гэж харж болох ч системийн хэмжээнд нийт хадгаламж эзэмшигчдийнхээ 99.8 хувийг даатгаж, жижиг хадгаламж эзэмшигчээ хамгаалахад том үүрэг гүйцэтгэж байгааг дурдах ёстой.

Мэдээж хэрэг хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө тодорхой хэмжээгээр өсөөд, сан илүү чадавхитай болох тусам Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар зааж өгсөн 20 сая төгрөг хүртэлх даатгалын нөхөн төлбөрийг нэмэгдүүлэх боломжтой. Ингэхдээ Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

-Капитал банк хадгаламжийн даатгалын санд хичнээн төгрөгийн хураамж төлсөн бол?

-Хадгаламжийн даатгалын корпораци 2013 онд байгуулагдсанаас хойш Капитал банк улирал тутам даатгалын хураамжаа төлж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд санд бүрдүүлсэн даатгалын хураамж нь нийт 5.7 тэрбум төгрөг байгаа. Нэмж хэлэхэд Капитал банк нь хуульд заасан хугацаандаа хураамжаа тасралтгүй төлсөн.

-Хамтарсан данстай тохиолдолд нөхөн төлбөрийг хэрхэн тооцож олгох вэ?

Хамтарсан данстай тохиолдолд хамтарсан данс эзэмшигчид олгох даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь 20 сая төгрөгөөр хязгаарлагдаж байгаа. Ингэхдээ хамтарсан данс эзэмшигчид хамт ирж даатгалын нөхөн төлбөрөө авах шаардлагатай. Хэрэв хамтарсан данс эзэмшигч нь өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд Иргэний хуульд заасан шаардлагыг хангасан, бичгээр гаргасан итгэмжлэлээр бусад этгээдэд өөрийн нэрийн өмнөөс нөхөн төлбөр хүлээн авах эрх олгож болно.

Мөн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт зааснаар хамтарсан данс эзэмшигчид хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хуваан олгоно гэж заасан байгаа.

Тиймээс хамтарсан данс эзэмшигчид маань өөрсдийн эзэмшлийн хувь хэмжээг хүлээн зөвшөөрсөн тухай “Хамтарсан данс хамтран эзэмшигчдэд нөхөн төлбөр авах өргөдөл”-ийг бөглөн нөхөн төлбөрөө авна.

-Хэрэв хамтран эзэмшигчид нөхөн төлбөрийн тооцсон хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй, хоорондоо маргаантай нөхцөлд танайхаас яаж шийдвэрлэх вэ?

-Мэдээж олон харилцагч дунд дотор ийм нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Нөхөн төлбөрийн хэмжээг хувааж авахаа хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд хувь тэнцүү биш гэдгийг нотлох баримт, хувь эзэмшлийг хүлээн зөвшөөрсөн хуульд заасан шаардлагыг хангасан нотлох баримтад үндэслэн нөхөн төлбөрөө авах боломжтой.

-Банкны салбарын харилцах, хадгаламжийн хэдэн хувь нь даатгагдсан байдаг вэ?

-Одоогийн байдлаар нийт харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.8 хувь нь даатгагдсан. Энэ нь бусад улс орнуудтай харьцуулахад нэлээд өндөр дүн бөгөөд Монгол улсын хадгаламжийн даатгалын тогтолцоо тэр хэмжээгээр зөв ажиллаж байгааг харуулж байгаа хэрэг юм.

-Капитал банк хичнээн харилцагчтай байсан бэ?

-Төв банкнаас ирүүлсэн мэдээллээр Капитал банк нь нийт 221 мянган харилцагчтай. Үүнээс 20 хүртэлх сая төгрөгийн харилцах, хадгаламжтай иргэн нь 220 мянга буюу нийт харилцах, хадгаламж эзэмшигчдийн 99.5 хувийг эзэлж байгаа. Харин 20 сая төгрөгөөс дээш давсан хадгаламжтай 1000 гаруй харилцагч байгаа. Бид 20 сая төгрөгөөс доош харилцах. хадгаламж эзэмшигчдийн нөхөн төлбөрийг бүрэн олгох бөгөөд харин 20 сая төгрөгөөс дээш давсан харилцах, хадгаламж эзэмшигчтэй иргэдийн 20 хүртэлх сая төгрөгийг нь олгоно. Түүнээс дээш давсан хэсэг дээр Капитал банкин дээр томилогдон ажиллаж буй банкны Эрх хүлээн ажиллах болно.

Эх сурвалж: http://www.peak.mn/news/bamarbileg-banknii-salbar-ni-uuruu-uuriinkhuu-ersdeliig-daadag-sistemd-shiljsen


© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци