Түгээмэл асуулт хариулт

1. ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Хадгаламжийн даатгал гэж юу вэ?

Банк татан буугдсан тохиолдолд Хадгаламжийн даатгалын сангаас таны тухайн банкин дахь харилцах, хадгаламжийн 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн олгохыг хэлнэ. Банк таны өмнөөс Хадгаламжийн даатгалын корпорацид хураамж төлж, сан бүрдүүлж байдаг бөгөөд банк татан буугдсан тохиолдолд тус сангаас танд нөхөн төлбөр олгоно.

Даатгалд хэн хамрагдах вэ?

Банкинд төгрөг болон гадаад вальютын харилцах, хадгаламжийн данстай иргэн, хуулийн этгээд даатгалд хамрагдана.

Хэдэн төгрөг даатгах вэ?

Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба гадаад валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн харилцах, хадгаламжийг даатгана.

Хадгаламжийн даатгалын корпораци гэж ямар үүрэгтэй байгууллага вэ?

Хадгаламжийн даатгалын корпораци нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий хуулийн этгээд юм. Хадгаламжийн даатгалын корпораци нь банкнаас хураамж авах, сан бүрдүүлэх болон удирдах, банк татан буугдсан тохиолдолд хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм.

2. ХЭРВЭЭ МИНИЙ ХАРИЛЦДАГ БАНК ТАТАН БУУГДВАЛ ЯАХ ВЭ?

Банк татан буугдсан тохиолдолд яах вэ?

Банк татан буугдаж даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөр олгох банкыг сонгон шалгаруулна. Сонгон шалгарсан банкаар дамжуулан татан буугдсан банкин дахь хадгаламжийн даатгалд хамрагдсан харилцах, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгоно. Нөхөн төлбөрийн үргэлжлэх хугацаа 3 жил байна.

Даатгалын тохиолдол гэж юу вэ?

Банк татан буугдсанаар даатгалын тохиолдол үүснэ. Даатгалын тохиолдол үүссэнээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигчдэд Хадгаламжийн даатгалын корпораци даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэг хүлээнэ.

3. МИНИЙ БАНКИН ДАХЬ МӨНГӨН ХАДГАЛАМЖ ДААТГАГДСАН ЭСЭХИЙГ БИ ЯАЖ МЭДЭХ ВЭ?

Ямар, ямар банкны харилцах, хадгаламж даатгалд хамрагдсан байдаг вэ?

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй 14 арилжааны банк бүгд хадгаламжийн даатгалд хамрагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, аль ч банкинд байгаа Таны эзэмшдэг харилцах, хадгаламжийн данснууд хадгаламжийн даатгалаар хамгаалагдсан гэсэн үг юм. Хадгаламжийн даатгалын корпорацийн гишүүн банкууд буюу даатгалд хамрагдсан банкууд

1. Ариг банк

2. Богд банк

3. Голомт банк

4. Хаан банк

5. Худалдаа хөгжлийн банк

6. Хас банк

7. Төрийн банк

8. Тээвэр хөгжлийн банк

9. Улаанбаатар хотын банк

10. Чингис хаан банк

11. Үндэсний хөрөнгө оруулалтын банк

12. Капитал банк

13. Капитрон банк

14. Кредит банк

Даатгалд хамрагдахын тулд хадгаламж эзэмшигч ямар нэг төлбөр төлөх үү?

Хадгаламжийн даатгалд хамрагдахын тулд та ямар нэгэн төлбөр хураамж төлөх шаардлагагүй. Таны сонгосон харилцдаг банк тань хуульд заасны дагуу хадгаламжийн даатгалын хураамжийг таны өмнөөс төлдөг.

4. МИНИЙ БҮХ МӨНГӨ ДААТГАЛД ХАМРАГДАХ УУ?

Нөхөн төлбөрийн хэмжээ хэд вэ?

Даатгалын тохиолдол бий болоход Хадгаламжийн даатгалын корпораци хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг ба вальютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө. Нөхөн төлбөрийг төгрөгөөр олгоно.

5. МИНИЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН ТООЦООЛЖ ОЛГОХ ВЭ?

Нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох вэ?

Хадгаламж эзэмшигчийн авах нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь 20 сая төгрөг байна. Тухайн банкинд байгаа нийт хадгаламжийн дүн болон гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг даатгалын тохиолдол бий болсон өдрийн байдлаар нэгтгэж, хадгаламж эзэмшигчээс тухайн банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлийг хүүгийн хамт хасч тооцох бөгөөд энэ дүн нь 20 саяас илүүгүй байна.

НТХ = (харилцах+ хадгаламж+хадгаламжийн хүү) – зээл
НТХ= 20 сая хүртэлх төгрөг Зээл = 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл + зээлийн хүү

Татан буугдсан банкинд хэд хэдэн данстай бол яаж нөхөн төлбөр авах вэ?

Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон А банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн нөхөн төлбөрийн хэмжээг тооцох ба нөхөн төлбөр олгохоор сонгон шалгарсан банкаар дамжуулан олгоно.

Валютын хадгаламжтай тохиолдолд хэрхэн нөхөн төлбөрөө авах вэ? Валютаар авах уу? Төгрөгөөр авах уу?

Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон А банкинд хэд хэдэн хадгаламжийн данстай бол түүний бүх дансыг нэг дансанд нэгтгэн нөхөн төлбөрийн хэмжээг тооцох ба нөхөн төлбөр олгохоор сонгон шалгарсан банкаар дамжуулан олгоно.

Хамтарсан данстай тохиолдолд хэрхэн шийдвэрлэж нөхөн төлбөр олгох вэ?

Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх даатгалын нөхөн төлбөрийн нийт хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байх ба хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь тэнцүү биш гэсэн баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс дахь эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөрийг тэнцүү хувааж тооцно. “Хамтарсан дансан дахь эзэмшлийн хувь”-ийг хүлээн зөвшөөрч эсхүл эзэмшлийн хувиа тохирсон итгэмжлэл авч ирж өргөдөл гарган нөхөн төлбөрөө авах тул хамтран эзэмшигчид заавал хамт ирж нөхөн төлбөрөө авна.

Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигч бол яах вэ?

Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон А банкинд харилцах, хадгаламж болон насанд хүрээгүй хадгаламжийн хамтарсан данс эзэмшдэг бол насанд хүрээгүй хадгаламжийн эрх бүхий этгээд гэдгээ нотлох баримтаар нотолсон тохиолдолд нөхөн төлбөрийг хүлээн авах эрхтэй. Хадгаламж эзэмшигч нь насанд хүрээгүй бол даатгалын нөхөн төлбөрийг тус тусад нь тооцож олгоно.

Хадгаламжийг өв залгамжлалын хэлбэрээр авах гэж байгаа тохиолдолд яах вэ?

Хадгаламж эзэмшигч даатгалын тохиолдол бий болсон А банкинд өв залгамжлалын хадгаламжийн данс эзэмшигч бол өв залгамжлагчийн эрх бүхий этгээд мөн гэдгээ нотлох баримтаар нотолсон тохиолдолд нөхөн төлбөрийг хүлээн авах эрхтэй. Өв залгамжлуулагчын даатгалын нөхөн төлбөрийг тус тусад нь тооцож олгоно.

Хадгаламж эзэмшигч зээлтэй бол яах вэ?

Хадгаламж эзэмшигчийн тухайн банкинд эзэмшиж буй нийт хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөөс банкинд төлбөл зохих 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн хамт хассан дүн нь төгрөг ба гадаад вальютын 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийн нийлбэр дүнг нөхөн төлбөр олгохоор сонгон шалгарсан банкаар дамжуулан олгоно.

6. ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИАР ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖ БОЛОН ДААТГАЛД ҮЛ ХАМААРАХ ХАДГАЛАМЖ ГЭЖ ЮУ ВЭ?

Бүх хадгаламж даатгалд хамрагдсан байдаг уу?

Даатгалд хамрагдаагүй хадгаламжийн төрлүүдээс бусад иргэн, хуулийн этгээдийн хадгаламж даатгалд хамрагдсан байдаг. Таны аль нэг данс даатгалд үл хамрагдах нөхцөлд багтсан тохиолдолд таньд даатгалын нөхөн төлбөр олгохгүй.

Тэгвэл ямар төрлийн хадгаламж даатгалд үл хамаардаг вэ? Яагаад?

Хадгаламжийн даатгалын тогтолцоо нь санхүүгийн мэдлэг боловсрол багатай жижиг хадгаламж эзэмшигчдийг буюу нийт иргэдийг хамгаалах зориулалттайгаар хадгаламжийн даатгалын санг бүрдүүлдэг. Тийм учраас санг зохистой зарцуулахын тулд зарим төрлийн хадгаламжийг даатгадаггүй.

Дараах хадгаламж хадгаламжийн даатгалд үл хамаарна:
1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс,

2. Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл,

3. Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж,

Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд үл хамаарна:

4. Банк

5. Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага,

6. Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан,

7. Банкны тухай хуулийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд,

8. Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага,

9. Монголбанкны хяналт шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч,

10. Гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан,

11. Банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан,

12. Даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан эдгээр хадгаламж болон этгээдүүдийн хадгаламж даатгалд хамрагдахгүй. Хадгаламжийн даатгалд хамрагдаагүй хадгаламжууд банк татан буугдсан тохиолдолд нөхөн төлбөр авах эрхгүй болно.

7. САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТОХИОЛДОЛД ЯАХ ВЭ?

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж юу вэ?

Санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэдэг нь банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд банкны актив, пассивыг шилжүүлэн авч байгаа банкинд актив, пассивын зөрүүг нөхөх, эсхүл тусгай зориулалтын банкны өөрийн хөрөнгөд хөрөнгө оруулах зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас мөнгөн хөрөнгө шилжүүлэхийг хэлнэ. Өөрөөр хэлбэл татан буугдсан банкны даатгалд хамрагдсан хадгаламж эзэмшигчийн хадгаламжийг үйл ажиллагаа нь хэвийн байгаа өөр банк руу шилжүүлж, шаардлагатай эх үүсвэрийг Хадгаламжийн даатгалын корпораци өгнө. Ингэснээр татан буугдсан банкны хадгаламж эзэмшигч өөр банкны харилцагч болж банкнаас авч буй үйлчилгээгээ хэвийн аваад явах боломжийг бүрдүүлж байна. Ийнхүү хадгаламжийг шилжүүлснээр хадгаламж эзэмшигчийн даатгагдсан мөнгийг хамгаалж байгаа учраас Хадгаламжийн даатгалын корпораци нөхөн төлбөрийг олгосонд тооцно.


© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци