“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР 2020” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Жил бүрийн 10 дугаар сарын 31 ны Дэлхийн Хуримтлалын Өдөр”-ийг тохиолдуулан Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр 2020” аяныгХуримтлуулах хялбархан” уриатайгаар эхлүүлэв.

Монгол Улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улсын нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн аймаг хотуудад өргөн цар хүрээнд хүүхэд багачууд , эцэг эх олон нийтийг оролцуулан тэмдэглэж эхэлсэн.

Аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр Хадгаламжийн Даатгалын Корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнэ үг хэлэв.

Мөн түүнчлэн,  Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, ХБНГУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын байнгын орлогч Ротенбэрг, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар үг хэлж, Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өглөө.

Уг аян нь бүтэн сарын турш үргэлжилж, иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

Тухайлбал,“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн  аяны хүрээнд хүүхдүүдийн хэрэглээ, сонирхол дээр үндэслэн хүүхэд багачуудад хуримтлалын ач холбогдлыг таниулах, дадал зуршлыг төлөвшүүлэх, хуримтлуулах арга, туршлагаасаа хуваалцах, тэдний авьяас сонирхлыг нээх, бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн 1-12 хүүхдүүдийн дунд 1,800,000 төгрөгний шагналын сантай 3 төрөлт  уралдааныг 10 дугаар сарын 20-ийг хүртэл хугацаанд зарлаад байна. Үүнд:

  1. Цахим орчин дахь “MEME” зохиох уралдаан
  2. Цахим орчин дахь “Тик ток уралдаан”
  3. Гар зургийн уралдаан

Эдгээр уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шагналт байруудыг 10 дугаар сарын 31-ний өдөр  Блю скай зочид буудлын 3 давхарт Даймонд зааланд болох аяны хаалтын үйл ажиллагаан дээр гардуулах юм.

“Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг 10-р сарын 20-нд Дархан хотод, 10-р сарын 22-нд Эрдэнэт хотод, 10-р сарын 31-нд Улаанбаатар хотод сургалт, уулзалтуудыг тус тус зохион байгуулах юм. Харин энэ жил илүү өргөн хүрээг хамран 10-р сарын 27-нд Баруун-Урт хотод зохион байгуулагдах болсоноороо илүү онцлог болж байна.

 



© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци