Хадгаламжийн даатгал олон улсад

Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо/ОУХДХ/ IADI бол дэлхийн хадгаламжийн даатгалын системийн стандартыг тогтоодог байгууллага. Тус байгууллага нь 2002 онд байгуулагдсан цагаасаа эхлэн хадгаламжийн даатгалаас гадна банкыг өөрчлөн байгуулах болон дампуурлыг шийдвэрлэхэд хамтран ажиллаж санхүүгийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Олон улсын хадгаламжийн даатгагчдын холбоо нь 2018 оны 3 сарын байдлаар 106 гишүүн байгууллагатайгаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна. Үүнд: 84 үндсэн гишүүд, 8 хамтран ажиллагч байгууллага (төв банкууд, банкны хянан шалгалтын байгууллагууд), 14 түншлэгч байгууллагууд (бусад оролцогч дотоодын болон олон улсын байгууллагууд) багтдаг. Манай улс 2013 онд холбооны үндсэн гишүүн улсаар элссэнээс хойш Монгол улсад “Үр дүнтэй хадгаламжийн даатгалын систем”-ийг хөгжүүлэх талаар олон улсын хадгаламжийн даатгагч байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааг эхлүүлсэн.
Бүс нутгийн нийтлэг сонирхол, харилцан мэдээлэл солилцох зорилгоор Африк, Ази номхон далай, Карибын тэнгис, Евроази, Латин Америк, Ойрхи дорнодын болон Хойд Африк, Хойд Америк зэрэг бүс нутгийн дэд хороод байгуулагдаж, гишүүд хоорондоо мэдлэг, туршлага солилцох, Хадгаламжийн даатгалын системийг үр ашигтай нэвтрүүлэх, хөгжүүлэхэд нь харилцан туслаж байна.
ОУХДХ Базелын Банкны Хянан Шалгалтын Хороо/ББХШХ/-той хамтран 2009 оны 6 сард Хадгаламжийн даатгалын системийн үндсэн 18 зарчмыг баталсан. Эдгээр зарчим нь Хадгаламжийн даатгалын системийн практик ач холбогдлыг сайжруулахад чиглэсэн ба одоо байгаа системийг үнэлэх, шинээр Хадгаламжийн даатгалын системийг бий болгоход гол удирдамж болон хэрэглэгддэг. Мөн 2014 оны 10 сард тус зарчимд нэмэлт өөрчлөлт оруулж 16 зарчимтай болгосон ба хямралд бэлтгэгдсэн байдал, болзошгүй хямралын төлөвлөөг шинэ зарчимдаа тусгасан. ОУВС, Дэлхийн банкны Санхүүгийн салбарын үнэлгээний хөтөлбөр (FSAP) хадгаламжийн даатгалын системийн үндсэн зарчимд тулгуурлан улс орны хадгаламжийн даатгалын үзүүлэлтийг үнэлдэг.


© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци