Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох

Банк албадан татан буугдахад Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламж эзэмшигчийн тухайн банкин дахь төгрөг, гадаад валютын нийт 20 сая хүртэлх төгрөгийн хадгаламжийг нөхөн төлнө. (Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1).

хххх

Нөхөн төлбөрийн хэмжээг тооцож олгохдоо банкны татан буугдсан өдрийн байдлаарх хадгаламж эзэмшигч бүрийн харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл дүн дээр гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг нэмж, хэрэв тухайн банкинд 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн чанаргүй зээлтэй байвал тухайн зээлийг хүүгийн хамт хасч, үлдсэн мөнгөн дүнгийн 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн төлнө.

[хадгаламж*+ хүү] – [зээл** + хүү ] ≤ 20 сая ₮
*Харилцах болон хадгаламж
** Зөвхөн 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл

Таны банкин дахь хадгаламжийн дүн 20 сая төгрөгөөс дээш давсан тохиолдолд 20 сая хүртэлх төгрөгийг Хадгаламжийн даатгалын корпорациас нөхөн олгох ба 20 сая төгрөгөөс дээш давсан мөнгөн дүнг татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой.

Банкны эрх хүлээн авагч Банкны тухай хуулийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу таны мөнгийг барагдуулах болно.

Хадгаламж эзэмшигч та татан буугдсан банкинд гадаад валютын данстай бол банк татан буугдсан өдрийн Монголбанкны ханшаар төгрөг рүү шилжүүлэн тооцуулж, нөхөн төлбөрөө авна. / Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 /

ДАНГААРАА ЭЗЭМШДЭГ ХАДГАЛАМЖ

Хэрэв та татан буугдсан банкинд хэд хэдэн данстай бол таны бүх дансыг банк татан буугдсан өдрийн байдлаар нэгтгэн, нийлбэр дүнгээс даатгалын нөхөн төлбөрийг тооцно. /Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2/

Жишээ №1

Данс эзэмшигчийн нэр: Анар

Тайлбар:

Иргэн Анар татан буугдсан А банкинд хугацаатай, хугацаагүй хадгаламжийн төгрөг болон юанийн нийт 22,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламж эзэмшдэг. Тэрээр Хадгаламжийн даатгалын корпорациас нийт 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг авах эрхтэй. Харин даатгалд хамаарахгүй **2,500,000 төгрөгийг иргэн Анар татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж авах боломжтой.
Хадгаламжийн төрөлДансны төрөлДансны нийт үлдэгдэл / төгрөг
Хугацаатай хадгаламжтөгрөг18,000,000
Хугацаагүй хадгаламжюань4,000,000
Хугацаагүй хадгаламжтөгрөг500,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:22,500,000
АНАРЫН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН20,000,000
ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ДҮН**2,500,000

ХАМТАРСАН ДАНСНЫ ХАДГАЛАМЖ

Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх нийт даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая хүртэлх төгрөг байна. Хамтарсан данс эзэмшигчид хамт ирж нөхөн төлбөр авах шаардлагатай.
Хамтарсан данс дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд нөхөн төлбөрийг тэнцүү хуваан тооцож олгоно. / Банкин дах мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4/
Хуульд зааснаар хадгаламж эзэмшигчийн дангаараа болон хамтарсан дансны эзэмшдэг даатгагдсан хадгаламжийн нийт дүн 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
Жишээ №2

Данс эзэмшигчийн нэр: Бат
Хамтарсан данс эзэмшигчийн нэр: Туяа

Тайлбар:

Татан буугдсан А банкинд иргэн Бат харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг. Өөрийн харилцах дансандаа 600,000 төгрөгтэй, мөн тэрээр иргэн Туяатай 24,000,000 төгрөгийн хадгаламжийг хамтран эзэмшдэг. Хамтран эзэмшдэг хувь хэмжээгээ тэнцүү биш гэдгийг нотлох баримт гаргаагүй тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпорациас тэдэнд нийт 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг тэнцүү хувааж олгоно.
**4,000,000 төгрөг даатгалд хамаарахгүй тул татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой.
Хадгаламжийн төрөлДансны төлөвДансны нийт үлдэгдэл / төгрөг
Хугацаатай хадгаламжХамтарсан24,000,000
Харилцах-600,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:24,600,000
БАТЫН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН10,600,000
ТУЯАГИЙН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН10,000,000
ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ДҮН**4,000,000

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭНИЙ ХАДГАЛАМЖ

Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй /Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5/.
Жишээ №3

Данс эзэмшигчийн нэр: Болд / хүүхэд /
Хамтарсан данс эзэмшигчийн нэр: Мөнхөө/ Болдын аав/

Тайлбар:

Болд хүү татан буугдсан банкинд 30 сая төгрөгийн хадгаламжтай ба түүний аав Мөнхөө хамтран эзэмшдэг. Хадгаламжийн даатгалын корпораци Болд хүүд тухайн банкин дахь түүний хадгаламжийн 20 сая хүртэл төгрөгийг нөхөн олгох бөгөөд насанд хүрээгүй тул хамтран эзэмшигч болох аав Мөнхөө нь хүүгийнхээ өмнөөс хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг авах эрхтэй. Мөн тэрээр уг хадгаламжийн хамтарсан данс эзэмшигч тул үлдэгдэл 10 сая төгрөгийг авах эрхтэй ба иргэн Мөнхөөгийн татан буугдсан банкин дахь харилцах, хадгаламжийн нийт нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
Хадгаламжийн төрөлДансны төлөвДансны нийт үлдэгдэл / төгрөг
Хүүхдийн хадгаламжХамтарсан30,000,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:30,000,000
БОЛДЫН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН20,000,000
МӨНХӨӨГИЙН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН10,000,000

ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ХАДГАЛАМЖ

Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах тохиолдолд өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд даатгалын нөхөн төлбөрийг авна. /Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 /
Жишээ №4

Хадгаламж эзэмшигч нэр: Тамир

Тайлбар:

Хадгаламж эзэмшигч Тамир татан буугдсан банкинд харилцах данс эзэмшдэг. Мөн өв залгамжлалын эрхтэй хадгаламж эзэмшдэг. Хадгаламжийн даатгалын корпорациас Тамирын эзэмшдэг харилцах дансны 20 сая хүртэл төгрөгийг олгохоос гадна өв залгамжлах эрхтэй хадгаламжийн 20 сая хүртэл төгрөгийг тус тусад нь тооцож нөхөн төлбөр олгоно. Өөрөөр хэлбэл, Тамир нийт 20,500,000 төгрөгийн нөхөн төлбөр авна. **10 сая төгрөг нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй тул татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой.
Хадгаламжийн төрөлДансны төлөвДансны нийт үлдэгдэл / төгрөг
Харилцах -500,000
Хугацаатай хадгаламж Өв залгамжлал 30,000,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:30,500,000
ТАМИРЫН ДАНСНЫ ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН 500,000
ӨВ ЗАЛГАМЖЛАЛААР АВАХ ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН 20,000,000.00
ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ДҮН** 10,000,000


© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Хадгаламжийн Даатгалын Корпораци